ӨМГӨӨЛЛИЙН "АШИД АДВОКАТС" ХХН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ "БҮҮМ" ХӨТӨЛБӨР

Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН болон Эс Эм Эс-Стартап Маркетинг Спэйс төв /SMS-Startup Marketing Space/-ийн төлөөлөл болох Ш.ЦОЛМОН, Ж.ЗОЛЗАЯА нар 2018 оны 4 сарын 11-нд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурав.

Уг хамтран ажиллах санамж бичгийн зорилго нь Эс Эм Эс-Стартап Маркетинг Спэйс төв болон төвийн гишүүдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх замаар гарааны бизнес, бизнес эрхлэгчдийг ДЭМЖИХЭД оршино.

Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН нь өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллаж буй салбартаа тэргүүлэгч шилдэг хууль зүйн фирм бөгөөд нөхөрлөлийн нийгмийн хариуцлага бодлогын хүрээнд шинэлэг санаа бүхий, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, техник технологийн инновацид түшиглэсэн бөгөөд нийгэмд эерэг хандлага бий болгох, ажлын байр нэмэгдүүлж цаашлаад Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах гарааны бизнес /старт-ап/-ийг дэмжих зорилгоор нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх “BOOM /БҮҮМ/” пробоно хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарласан.

Эс Эм Эс-Стартап Маркетинг Спэйс /SMS-Startup Marketing Space/ төв нь дэлхий дахинаа хүчээ аваад буй хамтын оффис (coworking office)-ын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг гарааны бизнес юм. Уг төв нь хөрөнгө санхүү, хүний нөөц, харилцаа холбоо, мэргэжлийн чиг баримжаа дутагдаж буй гарааны бизнес эрхлэгчид, залуучуудад зориулсан бүх төрлийн бизнесийн цогц үйлчилгээг нэг дор үзүүлдгээрээ онцлог юм. Иймээс талуудын өнөөдрийн байгуулсан санамж бичгийн хүрээнд 40 гаруй гарааны бизнес эрхлэгчид “BOOM /БҮҮМ/” пробоно хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байгаагаар онцлог юм.

Эс Эм Эс-Стартап Маркетинг Спэйс /SMS-Startup Marketing Space/ төвийн Захирал Ж.Золзаяа болон нийт хамт олонд нь маш их баярлалаа.