News & Insights
Үндсэн Хуулийн Цэцийн Дүгнэлт: Сонгогчид нэр дэвшигчийг шууд сонгоно
УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Сонгуулийн тухай хууль”-ийг баталсан. Гэтэл Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш нилээд маргааныг олон нийтийн дунд үүсгэсэн. Тодруулбал, Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “Сонгууль нь хувь тэнцүүлсэн /пропорциональ/ тогтолцоотой байж болно”, түүнчлэн мөн Хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “……., 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан.
Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж, мөн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж тунхагласан нь Монгол Улсын сонгуулийн нас хүрсэн иргэд өөрийн дэмжиж буй нэр дэвшигчээ гагцхүү шууд сонгох тухай үзэл баримтлалыг илэрхийлжээ. 

Тэгвэл Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн, харин Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэлээ. Тодруулбал, Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийн үндэслэл нь Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон гэж үзсэнд оршино.

Иймээс Үндсэн Хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн “… 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар …” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, 2016 оны 05 дугаар дүгнэлтээ гаргалаа.

Дашрамд дурдахад Улс төр, нийгмийн шинжлэх ухаанд эрдэмтэд олон төрлийн сонгуулийн тогтолцооны талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Дэлхий даяар улс орнууд өөр өөрсдийн засаглалын шинж, улс төрийн онцлог хэв маягт үндэслэн өөрсдийн сонгуулийн тогтолцоог баталсан байдаг.  Манай Улсын хувьд дээр заасанчлан сонгуулийн тогтолцооны Мажоритар дэглэмийг 1992 оны 1 сарын 13-нд баталсан Үндсэн Хуулиндаа суулгасан. Мажоритар тогтолцоо нь тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхийн зарчмыг баримталдаг бол Пропорциональ сонгуулийн тогтолцооны тухайд аль нэг нам эвсэл тойргийнхоо нийт сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан бол тус тойрогт ноогдох парламентын суудлын мөн хувийг авах ёстой гэсэн хувь тэнцүүлэх зарчмыг баримталдаг байна.  Мажоритар сонгуулийн тогтолцооны нөлөөнд улс төрийн орчинд хоёр намын тогтолцоо төлөвших магадлалтай гэж эрдэмтэд анхааруулдаг. Харин сонгогчдоос шууд сонгогдож гарч ирдэггүй, намын жагсаалтаар хууль тогтоох байгууллагад суудал авдаг систем болох Пропорциональ сонгуулийн тогтолцоо нь улс төрийн соёл хөгжсөн бөгөөд намууд нь төлөвшсөн улс оронд хамгийн тохиромжтой гэж үздэг. Учир нь энэ сонгуулийн тогтолцооны нөлөөгөөр олон нам хууль тогтоох байгууллагад түрэн орж ирдэг.