Insights & Publications
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАЛААР
Download PDF
              Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулга нь 2015 оны 1 сарын 29-ны өдөр батлагдан 2015 оны 3 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон юм. Уг хууль батлагдахаас өмнө Монгол Улсад 2003 оны 5 сарын 23-ны өдөр батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулиар Хуулийн этгээдийн мэдээллийг бүртгэж авах, хадгалах, лавлагаа мэдээлэл гаргаж өгөх харилцааг зохицуулдаг байсан юм.
 
            Энэхүү хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хуулийн этгээдийн бүртгэл, хуулийн этгээдийн мэдээллийг бүртгэх хадгалах, мэдээлэл лавлагаа гаргах өгөхтэй холбогдсон харилцааг түргэн шуурхай, хүртээмжтэй үзүүлэхийн тулд дараах нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байна.
 
Үүнд:
  • Хуулийн этгээдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хийх асуудал өмнөх хуулиар зохицуулагдаж байсан боловч шинэчилсэн найруулгын хүрээнд цахим бүртгэлийг хэрхэн яаж гүйцэтгэх, ямар мэдээллийн цахимаар бүртгэж авах болон хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан төрийн эрх бүхий байгууллагаас  иргэн, аж ахуйн нэгжүүдэд цахимаар гаргаж өгөх боломжтой мэдээлэл, баримт бичгүүдийг тодорхой болгож өгсөн байна. Тодруулбал,
  • Хуулийн этгээдийг нэрийн баталгаажуулалт[1]-ийг цахимаар гүйцэтгэх боломжтой болсон бөгөөд энэхүү баталгаажуулалт нь 10 хоногт хүчинтэй байдаг.
  • Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах болон хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаарх өргөдлийг цахимаар гаргах, түүнийг хянах, хариу өгөх боломжтой болсон бөгөөд энэ тохиолдолд 5 хоногийн дотор цахимаар гаргасан өргөдөл, баримт бичгээ эх хувиар нь бүртгэлийн байгууллагад авчирч өгөх ёстой байдаг. Мөн шинэчилсэн найруулгын хүрээнд өргөдөл гаргагч нь Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу  баталгаажуулсан, цахим гарын үсэг эсхүл тоон гарын үсэг тэдгээрийн гэрчилгээг авсан бол, тухайн баталгаажсан цахим гарын үсгээ эсхүл тоон гарын үсгээ ашиглаж материалаа бүрдүүлж цахим хэлбэрээр илгээсэн бол дээр дурьдсаны дагуу өөрийн биеэр Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэл дээр очиж гарын үсгээ баталгаажуулах шаардлагагүй юм байна.
  • Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбогдуулан төлөх улсын тэмдэгтийн хураамжийг цахимаар төлөх.
  • Хуулийн этгээдийн хувийн хэргийн лавлагааг цахим хэлбэрээр гаргаж өгөх боломжтой болсон байна.
  •  Улсын бүртгэлийн гэрчилгээг[2] цахимаар авч, хүссэн үедээ хэвлэн авах боломжтой болсон билээ.
  • Хуулийн этгээдийг бүртгэх хугацаа нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгүүлэх материалыг хянах дээд хугацаа ажлын 10 өдөр (өмнөх хуультай адил), бусад хуулийн этгээдийн (дотоодын хөрөнгө оруулалттай компани, хоршоо, нөхөрлөл, сан, ТББ г.м) материалыг ажлын 2 өдөрт багтаан хянаж мэдэгдэл хүргүүлнэ. Энэ нь өмнөх хуультай харьцуулбал 3 өдрөөр багассан байна.
  • Өмнөх хуулиар Хуулийн Этгээд Шинээр Үүсгэн байгуулахад шаардагдах баримт бичиг 12 байсан бол шинэчилсэн хуулиар 8 болж цөөржээ.
Харин Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хувьд дээрх баримт бичгээс гадна дараах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ. Үүнд:
  1. Хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ.
  2. Хөрөнгө оруулагчийн паспортын хуулбар, хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, хуулийн этгээд бол гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
  3. Хөрөнгө оруулалтыг мөнгөн хөрөнгөөр оруулж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, хөдлөх эд хөрөнгөөр хийж байгаа бол гаалийн байгууллагын мэдүүлэг, оюуны өмчөөр хийж байгаа бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.
  4. Гадаадын Төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын буюу 2015 оны 02 сарын 16-ны байдлаар Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг болох Хөрөнгө Оруулалтын Газрын шийдвэр.
 
Дээрхи өргөдлийн бүрдэл нь Монгол хэлээр байх бөгөөд гадаад хэлээр үйлдсэн баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр орчуулж, хавсаргасан байхыг шаардсан байдаг.
 
  • Хуулийн Этгээдийн Бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан байдаг. Энэхүү хуульд заасны дагуу Дотоодын Хөрөнгө Оруулалттай Хуулийн Этгээдийг бүртгэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн байна. Харин Гадаадын Хөрөнгө Оруулалттай Хуулийн Этгээдийн хувьд тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт ороогүй болно. 
 
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог нэгдмэл байлгах үүднээс өмнө нь үйлчилж байсан хуулийн дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллага (салбарын яам), Төрийн Өмчийн Хороо зэрэг төрийн захиргааны байгууллагуудад бүртгүүлснээр эрх зүйн чадамж нь нээгддэг байсан хуулийн этгээдийг төрөл хамаарахгүйгээр (улс төрийн намаас бусад) Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн асуудал хариуцсан Төрийн байгууллагад бүртгэн, мэдээллийг нэгдсэн байдлаар хадгалдаг болсон.
 
Тухайлбал, Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь, эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус бүртгэдэг байсныг болиулан Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Газарт бүртгүүлдэг болсон байна.
Дээр дурдсан агуулгаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн харилцаа нь төрийн үйлчилгээг адил тэгш, хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэх, цаг хугацаа хэмнэх, төрийн байгууллагын хүнд суртал арилгах тал дээр томоохон дэвшил гарч байгаа билээ.
 
Та шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулах болон өөрийн байгууллагын улсын бүртгэлийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулах, хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, гүйцэтгэх удирдлага томилох, салбар, төлөөлөгчийн газар байгуулах, бүртгүүлэхтэй холбоотой аливаа улсын бүртгэлтэй холбоотой зөвлөгөөг манай хууль зүйн фирмээр гүйцэтгүүлэх боломжтой гэдгийг дурдахад таатай байна.
 
 
"ӨМГӨӨЛЛИЙН АШИД АДВОКАТС" ХХН
 

[1] Хуулийн этгээдийн нэрийг сонгохдоо Улсын бүртгэлийн байгууллагын хөтөлдөг “Хуулийн этгээдийн нэрийн сан”-тай давхардаагүй нэрийг сонгох ёстой байдаг бөгөөд ийнхүү давхардаагүй болохыг тодорхойлсон лавлагаа.
[2] Хуулийн этгээдийн талаарх тодорхой мэдээллүүдийг агуулсан хуулийн этгээдийн эрх зүйн чадамжтай болохыг илэрхийлэн төрийн байгууллагаас олгосон баримт бичиг.