Insights & Publications
Захиргааны ерөнхий хуулийн ач холбогдол
Download PDF
2015 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын Их Хурал /Монгол Улсын парламент/ Монгол Улсын түүхэнд анх удаа Захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэр гаргах процессыг тогтоосон “Захиргааны Ерөнхий хууль”-ийг баталлаа. Уг хууль нь 2016 оны 7 дугаар сарын 1-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Монгол улс өмнө нь Захиргааны байгууллага албан тушаалтнуудын үйл ажиллагааг нэгдсэн нэг хуулиар журамлаж байгаагүй учир энэхүү үйл явдлыг судлаачид түүхэн үйл явдал хэмээн үзэж байна.

Энэхүү хууль нь Төрийн байгууллагын албан тушаалтнууд нь шийдвэр гаргахдаа тодорхой бус байдал үүсгэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхдөө “нийтийн эрх ашгийн үүднээс, улсын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор, үндэстэний эрх ашгийг дээдлэхийн тулд” гэх зэрэг тодорхой бус үндэслэлүүдийг баримтлан хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд таагүй байдал үүсгэн, эрх хууль ёсны ашиг сонирхолыг хохироохоос сэргийлэх, захиргааны байгууллага албан тушаалтнууд нь шийдвэр гаргахдаа хүнд суртал гаргуулахгүй байх, захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэрийг хууль зүйн хүрээнд, хэм хэмжээний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой юм.

Хуулийн дагуу шинээр бий болсон онцлох ойлголтууд

Хууль ёсны итгэлийг хамгаалах:  

Захиргааны байгууллага, албан тушаалтанаас гарч буй шийдвэр, үйл ажиллагаа, үйлдэл, эс үйлдэхүй нь Нийтийн эрх зүйн аливаа харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд материллаг буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар эерэгээр үүсгэх тохиолдолд  тэрхүү үр дагаварыг захиргааны эрх зүйн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд “өөртөө ирнэ” гэсэн итгэлийг алдагдуулахгүй байх, түүнийг хамгаалах зарчмыг захиргааны байгууллага, түүүний албан тушаалтан өдөр тутмын үйл ажиллагаандаа энэхүү хуулийн дагуу баримтлахаар болсон байна. 

Оролцогчийг сонсох:  

Захиргааны байгууллага, албан тушаалтан нь аливаа шийдвэр гаргахын өмнө уг шийдвэрийн улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд уг шийдвэрийг гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл баримтын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох үүрэгтэй болсон байна.  

Энэхүү сонсох ажиллагааг хэрхэн явуулах болон түүнийг явуулахгүй байж болох тохиолдлуудыг нарийвчлан тусгаж өгсөн.  

Захиргааны шийдвэр гүйцэтгэл:

Захиргаа нь өөрийн гаргасан шийдвэрийг албадлагын хүчээр хэрэгжүүлэх боломжтой байдаг. Ийнхүү захиргааны шийдвэр албадан гүйцэтгэх ажилагаанд иргэн, хуулий нэтгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироохгүй байх үүднээс ямар тохиолдолд хэрхэн яаж, ямар субъектээр гүйцэтгүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулсан нь зөвхөн албадлагыг хэрэгжүүлж байгаа талын биш тухайн албадлагын үйл ажиллагаанд өртөж буй этгээдийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт болсон байна.

Эдгээрээс гадна өөр олон төрлийн шинэ ойлголтууд Монгол Улсын захиргааны эрх зүйд орж ирсэн байна. Мөн Нийтийн буюу Төрийн өмнөөс шийдвэр гаргадаг аливаа байгууллага албан тушаалтанууд нь өөрийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хэлбэр, арга зэргийг аль болох нарийвчлан зааж өгөхийг хичээснээрээ Захиргааны байгууллага албан тушаалтны дур зоргийг хазаарлаж байна.

Энэхүү хууль үйлчлэх явцад захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь тодорхой нэг хувь хүн, хуулийн этгээдийн эрх ашигтай зөрчилдөх тохиолдолд ямар тохиолдолд тухайн хувь этгээдийн эрх ашгаас нийтийн эрх ашгийг дээгүүр үзэх зэргийг нэгдсэн байдлаар тодорхойлж, нийтийн эрх зүйн албан тушаалтнуудын үйл ажиллагааг тодорхой дэг журамд оруулснаараа ач холбогдолын хувьд Зөвхөн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид гэлтгүй Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч, ажиллаж буй бүх хүмүүст онцгой ач холбогдол бүхий хууль болсон байна.

Манай Улсын хувьд энэ төрлийн хуулийг анх удаа баталж байгаа хэдий ч цаашид энэхүү хуулийг улам сайжруулан Иргэн, хуулийн этгээд болон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хоорондын харилцааг улам бүр тодорхой болгон, тодорхой кэйс, үйл явдал бүрийн дараа нэмж сайжруулан явах болно гэдэгт итгэлтэй байна. 

Цаашид Захиргааны Ерөнхий хуулийн хэрэгжилт, түүнийг хэрэгжүүлэхэд учирч болох хүндрэл бэрхшээлүүд болон уг хуулийн дагуу захиргаа нь хэрхэн төлөвшиж бизнес эрхлэгч, хувь этгээдүүдийн эрх ашгийг хохироодоггүй болж байгаа талаарх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг алдалгүй хүргэж байхаа амлаж байна.
Даваасүрэнгийн Оргил
Хуульч
Өмгөөллийн Ашид Адвокатс ХХН