Insights & Publications
МОНГОЛ УЛСЫН АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТОГТООМЖ (2006)-НД 2013 ОНООС ХОЙШ ХИЙГДСЭН ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ
Download PDF
Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн чадварыг нэмэгдүүлэх хөшүүрэг буюу тэргүүлэх салбар яах аргагүй мөн. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 7 дугаар сарын 8-нд батлагдаж, 2006 оны 8 дугаар сарын 26-нд хэрэгжиж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл 22 удаагийн нэмэлт өөрчлөлтүүд ороод байна.
 
Иймд бид 2012 онд бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн Парламентаас 2013 оноос хойш оруулсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийн зарим онцлог зохицуулалтыг энэхүү нийтлэлээрээ хөндөхийг хичээлээ.
  1. 2013 оноос хойш батлагдсан нэмэлт өөрчлөлтүүд:
  • Тогтворжуулах гэрчилгээ. 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Тогтворжуулах гэрчилгээ”[1]-нд заасан хэмжээгээр тогтворжуулах болсон бөгөөд үүнийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлан зохицуулсан юм.
  • Татварын хөнгөлөлт. Алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох зорилгоор Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан Монгол Улсын Төв банкинд тушаасан тохиолдолд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт эдлэхээр зохицуулсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр баталсан.
  • Түүхэн дурсгалт газар, палеонтологи, археологийн талаар. Ашигт малтмалыг хайж, ашиглахдаа Монгол Улсын түүх дурсгалт газар, палеонтологи, археологийн үнэт өвийг устгаж гэмтээхээс сэргийлэн палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон зохицуулалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсан.
  • Стратегийн ач холбогдол бүхий орд эзэмших талаар. 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын Төрийн эзэмшлийн хувийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч тал нь шилжүүлэн авах тохиолдолд Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг хуульд заасан журмын дагуу төлөх болсон. Энэхүү зохицуулалт нь Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд бүхий талбайд хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөөц ашигласны төлбөрийн оронд өөрийн эзэмшлийн хувиасаа төрд шилжүүлэн өгөх эсхүл өөрийн хувь хэмжээгээ зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр нэмэгдүүлэх боломжтой болож байгаа зохицуулалт байна.
       2. 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан “Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-нд тусгагдсан онцлох зохицуулалт:
 
Монгол Улсад хийх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Эдийн засгийг чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Уул уурхайн салбарын хууль, тогтоомжуудыг шинэчлэхээр 2012 оны Парламентын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газраас санаачлан 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд зарчмын шинжтэй дараах томоохон өөрчлөлтүүд оруулсан юм.
Үүнд:
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусдаа хуулиар зохицуулах болсон.
  •  Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх болсон.
  • УИХ, Засгийн Газар, Ашигт малтмалын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага (яам), Төрийн захиргааны байгууллага (АМГ) зэрэг байгууллагын эрх хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал,
    • Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нутгийн захиргааны байгууллагатай байгуулах  гэрээний загварыг Засгийн газраас батлахаар зохицуулсан.
    • Засгийн газраас Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбилцолоор тогтоож, нийтэд мэдээлэх болсон.
    •  Өмнө нь батлан мөрдүүлж байсан боловч Хуульд эдгээр журмуудыг батлах эсэх талаар зохицуулаагүй байсан журмуудыг Төрийн захиргааны төв байгууллага (яам) болон Төрийн захиргааны байгууллага (АМГ)-аас батлах эрхийг олгосон.
  • Геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилт бүхий геологийн судалгаа, шинжилгээ, мэдээлэл хариуцсан Үндэсний геологийн алба байгуулсан.
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нийт 9 жил байсныг 12 жил болгосон.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжид давуу эрх олгосон.
  • Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлэхийг зааж өгсөн.
  • Тусгай зөвшөөрөл бүхий газрыг Газрын тухай хуульд заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд олгох нөхөн олговор олгох хугацааг 1 жил болгон зааж өгсөн бөгөөд уг талбай нь тусгай хэрэгцээнээс гарсан тохиолдолд өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг нэмсэн.
  • Хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох газрын талбайн хэмжээн 400 000 га байсныг 150 000 га болгон бууруулсан.
  • Ашигт малтмалын ордыг ашиглах Техник-Эдийн засгийн үндэслэлдээ олборлох бүтээгдэхүүнээ тээвэрлэх арга болон, дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа нөхцөл байдлаа тодорхой зааж  өгөх үүргийг Тусгай зөвшөөрөл эзэмшигчид ногдуулсан.
  • Ашигт малтмалын хуульд заасан үүргээ биелүүлээгүй Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүлээлгэх торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн.
  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа заавал усны болон геологийн гэх мэт мэргэжлийн шинжээчдээр хянуулсан байх шаардлагыг тавьсан.
 
ДҮГНЭЛТ
 
Иймд Ашигт малтмалын тухай хуулинд 2013 оноос хойш орсон нэмэлт, өөрчлөлтүүд нь нээлттэй, ил тод, хариуцлагатай төрийн зохистой оролцоог тогтоож, хөрөнгө оруулагчдад ижил тэгш нөхцөл олгох, тэдгээрийг ялгаварлахгүй байх зарчимд суурилсан бөгөөд Хөрөнгө оруулагчийг дэмжих замаар тус салбарыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгон уул уурхайн салбарт  хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хийгдсэн юм. Хэдийгээр Засгийн газар, Уул уурхайн яам, АМГ гэх мэт зарим төрийн эрх бүхий байгууллагуудын эрх хэмжээ нэмэгдсэн ч тогтворжуулалтын гэрчилгээ, татварын хөнгөлөлттэй холбоотой шинэлэг нэмэлтүүд нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, Төрийн оролцоог зохистой хэмжээнд байлгах, өмнө нь тодорхой бус, маргаан үүсгэдэг байсан зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хийсэн томоохон алхам болж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу.
"Өмгөөллийн Ашид Адвокатс"  ХХН
 

[1] Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тус хуульд заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор  эрх бүхий байгууллагаас  олгох гэрчилгээ.