Insights & Publications
МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ
Download PDF
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хууль батлагдахаас өмнө мөрдөгдөж байсан “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай”[1] хууль нь Хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг тууштай хамгаалах боломжгүй, цаг үеийнхээ нөхцөл шаардлагад нийцэхгүй, хөрөнгө оруулалтыг нэгдсэн бодлогоор зангидах боломжгүй хууль байсан юм.
 
Иймд 2013 оны 10 дугаар сарыг хүртэл буюу “Хөрөнгө оруулалтын тухай” хууль батлагдах хүртлэх хугацаанд Парламентийн сонгуулийн үр дүнгээс хамаарч Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтворгүй байсан юм.  Тухайлбал, 2009 онд аман ярианд “Урт нэрт хууль” хэмээн нэрлэгдэж хэвшсэн “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг хуулийн хүрээнд хориглогдсон газарт ашигт малтмал хайх, ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдох нөхөн олговорыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой бус байна.
 
Мөн 2012 оны сонгуулийн өмнөхөн гэнэт батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль” батлагдсан боловч 2013 онд хүчингүй болсон билээ.
 
Харин байгалийн баялаг ихтэй эдийн засаг нь хурдацтай өсөн нэмэгдэж байгаа Монгол улсын хувьд Гадаадын хөрөнгө оруулалагчдийг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах, өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон юм. Энэхүү эрэлт, хэрэгцээ шаардлагын үүднээс 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Парламентаас “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг шинэчлэн баталсан билээ.
 
Ийнхүү 2013 онд Монгол Улсад Хөрөнгө оруулалтын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар дараах өөрчлөлтүүдийг Монгол Улсын Хөрөнгө оруулалтын эрх зүйн харилцаанд авчирсан юм. Үүнд:
 
  • Монгол Улсад Хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодын гэж ялгаварлахгүйгээр нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болсон, хөрөнгө, орлогоо гадаадад саадгүй гүйвуулах, хөрөнгө оруулагчийн оюуны өмчийг хууль заасны дагуу хамгаалах боломжтой болсон;
  • Монгол Улсад Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулахад зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, улсын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа эхлүүлдэг болсон;
  • Монгол Улсад Хөрөнгө оруулагчид үзүүлэх дэмжлэгийг татварын ба татварын бус хэмээн ангилсаны үндсэн дээр илүү тодорхой ойлгомжтой болгосон,
  • Монгол Улсад Хөрөнгө оруулагчийн татварын орчныг тогтвортой байлгах баталгааг төр гаргаж өгсөн,
  • Монгол Улсын хууль эрх зүйд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тухай ойлголтыг шинэчилж, аж ахуйн нэгжийн нийт гаргасан хувьцааны 25-аас доошгүй хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмших, түүнд гадны хөрөнө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган ам доллар байхаар заасан,
гэх зэрэг шинэлэг бөгөөд ололтой талууд Хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтад нэмэгдсэн билээ.
 
Эдгээрээс гадна Хөрөнгө оруулагчдийн төлөх татварыг чөлөөлөх, хөнгөлөх, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжих хугацаанд татварыг тогтворжуулах зэрэг татварын дэмжлэгийг үзүүлэх болсон. 
 
Тухайлбал,
  • Монгол улсад барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;
  • Монгол Улсад нано, био болон инновацийн технологи агуулсан  бүтээгдэхүүний үйлдвэр барих;
  • Монгол улсад эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих
тохиолдлуудад импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0"  хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулан татвараас чөлөөлөх боломжтой болсон юм.
 
Мөн Монгол улсад хөрөнгө оруулагчидийн хэрэгжүүлж буй төслийн үргэлжлэх хугацаанд дараах  татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах боловч нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй байхаар татварыг тогтворжуулдаг болсон юм. Үүнд:
 
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
  • Гаалийн  албан татвар;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар;
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.
 
Энэхүү татварын тогтворжуулалт нь Монгол Улсад хөрөнгө оруулсан салбар болон бүс нутаг, хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээс хамааран харилцан адилгүй хугацаатай байхаар хуульчилсан байна. Энэ нь Улаанбаатар хотоос бусад хөдөө орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хийгдсэн ялгаа юм.
 
Татварын бус дэмжлэг гэдэг нь:
 
  • Монгол Улсад хөрөнгө оруулж байгаатай холбогдуулан газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 4О хүртэл жилээр сунгах боломжтой болсон;
  • Монгол Улсын чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган  нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх боломжтой болсон;
  • Монгол улсад дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох боломжтой болсон;
  • Монгол улсад хэрэгжүүлэх инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд  батлан даалт гаргах боломжтой болсон;
  • Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон  байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох боломжтой болсон;
  • хуульд заасан бусад дэмжлэг.
 
Монгол улсад хөрөнгө оруулалт хийх салбаруудын хувьд “Стратегийн салбар” гэх зэрэг тодорхой бус ойлголтын улмаас төрөөс үзүүлэх дарамт, шат дамжлагыг нэмэгдүүлэх хандлагатай байсныг өөрчлөн Хөрөнгө оруулагчид аль ч салбарт хөрөнгө оруулах боломжийг нээж өгсөн бөгөөд зөвхөн Гадаад улсын Төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтад л хяналт тавихаар хуульчилсан байна.
 
Гэвч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хуулийн хүрээнд Гадаадын хөрөнгө оруулагчидыг оролцох салбар, тавигдах хяналт, хөрөнгө оруулалт хийх хэлбэрүүдийг хязгаарлаж өгөх тохиолдол байдаг байна. Эдгээрийг дурдвал,
 
  • 2002 онд батлагдсан газрын тухай хуульд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид  газрыг зөвхөн “ашиглуулна” гэж заасан[2] байдаг,
  • Монгол Улсад барилга барих тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа Хэрэв гадаадын хөрөнгө оруулагч бол тухайн улсынхаа эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг хавсарган өгөх[3]өөр заасан байдаг байна,
  • Монгол улсад Банкний үйл ажиллагааг Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эрхлэх тохиолдолд дотоодын хөрөнгө оруулагчидад тавигддагаас илүү нэмэлт шардлага тавигдах бөгөөд тэрхүү нэмэлт Шаардлагыг Монгол Банкнаас /Төв банк/ тогтоож өгөхөөр[4] заасан,
  • Төсөвт өртөг нь 10,000,000,001 төгрөгөөс доош ажил, бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтад Гадаадын иргэн хуулийн этгээдийг оролцохийг хориглосон[5] байдаг байна,
  • Монгол улсад Тариалангийн зориулалтаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ашиглуулах тохиолдолд зохих зөвшөөрлийг тарих ургамлын төрөл, газар зүйн байршлыг харгалзан Засгийн газар тогтоохоор[6] заасан,
  • Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутагт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглосон[7] байдаг,
  • Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага байгуулах тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /яам/ олгохоор заасан[8] /эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг нийслэлийн засаг дарга зөвшөөрөл олгодог/ байдаг.
 
Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын хүрээнд дээр дурдсанаас бусад салбарт хөрөнгө оруулалт хийхэд ямар нэгэн хязгаарлалт, нэмэлт шаардлага тавигдаагүй байна.
 
Иймд Монгол улс нь 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй, ялгаваралгүй ханддаг хөрөнгө оруулагчдийг бүхий л салбарт татах болсон юм.
 

[1] “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хууль 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болсон;
[2] Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйл;
[3] Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйл;
[4] Банкний тухай хуулийн 22 дугаар зүйл;
[5] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйл;
[6] Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйл;
[7] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйл;
[8] Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйл.