Insights & Publications
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД
Download PDF
Өнөөдрөөс нэг жилийн өмнө 2014 оны 7 сарын 01-ны өдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан юм. Уг хуульд Газрын тосыг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хөрөнгө оруулагчийн татвар, хураамж болон төлбөрийн хязгаар болон хөрөнгө оруулалтын зардлыг “өртөгт тосоор”[1] тосоор нөхсөний дараа олборлох газрын тосыг Монгол улсын Засгийн газартай тохиролцсон хэмжээгээр хувааж авахаар заасан байдаг.
           
            Энэхүү богино хэмжээний нийтлэлийн хүрээнд Монгол Улсад газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдийн Монгол улсын Засгийн газартай байгуулдаг Бүтээгдэхүүн хуваах гэрээний онцлогууд болон гэрээ байгуулахад анхаарах зарим зүйлсийн талаар товч бичлээ.
           
Бүтээгдэхүүн хуваах гэрээний онцлог
 
Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаар Хөрөнгө оруулагч нь хайгуул, олборлолтын явцад гарсан зардал /захиргааны болон урсгал зардал оролцуулан/ болон олборлолт, ашиглалтын явцад босгосон байгууламжуудыг татан буулгалтын бүхий зардлыг олборлосон газрын тосноосоо нөхөж авдаг байна.
 
Бүтээгдэхүүн хуваах гэрээг хайгуулын ажиллагаа эхлэхээс өмнө байгуулдаг онцлогтой. Иймд хайгуулын явцад  тухайн Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайгаас газрын тосны нөөц илрүүлээгүй тохиолдолд хөрөнгө оруулсан хөрөнгөө алдах эрсдэлтэй байдаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол Улсад 250 сая тонн орчин газрын тосны нөөц байх магадлалтай талаар судалгаа хийгдсэн бөгөөд үүнээс 119 сая тонн нь баталгаажсан нөөц байдаг тул Монгол улсын газрын тосны салбар нь хөрөнгө оруулалт хийх маш таатай салбар юм.
 
Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээх үүрэг (тухайлбал, шаардагдах тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад үндэслэлээр цуцлахгүй байх, хуульд заагдаагүй нэмэлт төлбөр, хураамж авахгүй байх гэх мэт)-ийг зааж өгөхөөс гадна олборлосон газрын тосноос авах роялти болон татвар хураамжийг хувь хэмжээг тодорхой зааж өгөх, орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх асуудлыг тусгаж өгдөг.
 
Ингэснээр Монгол улсын Засгийн газар нь байгалийн баялагаа ашиглуулсны төлбөр хураамжийг тохиролцсон хэмжээгээр зайлшгүй авахаас гадна Хөрөнгө оруулагчийн зардлыг буцаахад зориулагдсан “өртөгт” тосноос бусад тосыг тохиролцсон хувь хэмжээгээр авч түүнийгээ захиран зарцуулах эрхтэй болдог.
 
Иймд бүтээгдэхүүн хуваах гэрээ нь:
 
  1. Бүх зүйлд харилцан тохиролцсон хувь хэмжээгээр /хуульд зөвхөн байж болох дээд доод хэмжээг заасан байдаг/ ашиг хүртдэг,
  2. Хөрөнгө оруулагчийн гаргасан зардалд тооцогдох зүйлсийг мөн тохиролцдог,
  3. Анх байгуулах үедээ нарийн тохиролцож чадсан тохиолдолд ирээдүйд үүсч болох бүхий л эрсдлийг зайлуулах боломжтой,
  4. Хөрөнгө оруулагчийн хувьд гаргасан хөрөнгө оруулалтаа тэргүүн ээлжинд нөхөн авах боломжтой
гэх мэт  уян хатан байдлаараа хөрөнгө оруулагчид илүү давуу талтай байдаг байна.
 
            Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад анхаарах зүйлс
 
Монгол улсад газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахыг хүсэж буй хөрөнгө оруулагчийн хувьд дараах асуудлуудыг анхаарах нь зүйтэй болов уу.
  • Хөрөнгө оруулагчийн хувьд нөхөх зардлыг аль болох өргөн хамруулахыг хүсдэг бол Засгийн газрын хувьд хамгийн боломжит байдлаар хумихийг хүсдэг. Иймд нөхөх зардлын агуулга дээр талууд харилцан тохиролцохдоо аль болох ирээдүйд үүсч болох маргаанаас зайлсхийх үүднээс гарч болох бүхий л зардлаа тодорхойлох нь зүйтэй.
  • Бүтээгдэхүүний хуваалтын хувь хэмжээнээс илүү Нөхөх зардлын хувь хэмжээ[2] нь гэрээнд оролцогч талуудын зайлшгүй анхаарах ёстой сэдэв юм. Засгийн газрын хувьд нөхөх зардлын хувь хэмжээг хамгийн багаар санал болгож байгаа талтай гэрээ байгуулах хүсэлтэй байдаг. Хөрөнгө оруулагч талын хувьд тухайн жилд олборлосон тосны 40 хувийг хамгийн ихдээ нөхөх зардалд суутган авах эрхтэй бөгөөд энэ хэмжээг багаар тогтоох тусам хөрөнгө оруулагчийн нийт зардлаа нөхөх хугацаа тэр хэмжээгээр хойшлогдох тул нарийвчилсан тооцоо судалгааны үндсэн дээр энэхүү хувь хэмжээг тогтоох нь зүйтэй юм.
  • Засгийн газрын зүгээс амлах татварын орчны тогтвортой байдал болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах бусад амлалтуудыг гэрээнд тусгуулах нь Монгол улсын Засгийн газрын зүгээс хуулийг өөрчлөх болон шинээр хууль батлах замаар Хөрөнгө оруулагчийн эрх ашигт хохирол учруулахаас сэргийлэх юм.
  • Энэхүү гэрээний нэг тал нь Засгийн газар байх тул Засгийн газраас тавих шаардлагууд нь зайлшгүй биелэгдэх шинжтэй бөгөөд зөрчигдсөн тохиолдолд холбогдох хариуцлага нь мөн зайлшгүй байдаг. Иймд Засгийн газрын зүгээс тавих шаардлагуудыг нэг бүрчлэн дурдах, боломжгүй бол хуульд зааснаас илүү шаардлага тавихгүй байх амлалт авах нь хөрөнгө оруулагчид тулгарах үндэслэлгүй шаардлага, хариуцлага тогтоох эрсдлээс зайлсхийх алхам болох юм.
  • Газрын тосны салбар нь үнэ, ханшийн өөрчлөлт хэт хурдан өрнөх магадлалтай салбар тул ашигт тос, өртөг нөхөх тосны хувь хэмжээг зах зээлийн үнээс хамаарсан хөвөгч байдлаар тогтоон төслийн урт хугацааны өгөөжийг хадгалах асуудлаар нарийвчилсан тооцоо хийх нь зүйтэй юм.
 
Монгол улсад “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга” батлагдсанаар өмнө үйлчилж байсан хуулиар зохицуулагдаагүй, тодорхой бус байсан зарим ойлголтууд (тухайлбал, зардалд тооцогдох болон тооцогдохгүй зүйлс, Хөрөнгө оруулагч болон Засгийн газрын эрх үүрэг, Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тохиролцох хувь хэмжээнүүдийн дээд доод хэмжээ)-ыг маш тодорхой болгож өгсөн билээ.
 
Ийнхүү тодорхой бус, ойлгомжгүй, хөрөнгө оруулагчдад таатай бус байсан нөхцлүүдийг тодорхой болгож хуульчлан баталгаажуулсанаар Монгол Улсын газрын тосны салбарын эрх зүйн зохицуулалтууд нь маш уян хатан болж Хөрөнгө оруулагчдийн сонирхолыг ихээр татах болсон билээ.
 

[1] Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/ (2014.07.10)-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.32;
[2] Нөхөх зардлын хувь хэмжээ гэдэг нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан олборлосон тосноос хөрөнгө оруулалтын нийт зардалд тооцон Хөрөнгө оруулагч тал авах хувь хэмжээг /тухайлбал, сард олборлосон тосны 40 хувийг хөрөнгө оруулагч тала авах/ хэлнэ.